Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Адилхан амжилтыг юугаар нь алагчилдаг юм бол?

shagnaltuud-middleМонголын спортын идэр үеийнхэн энэ жил одтой байж, дэлхийн аварга, залуучуудын олимпийн наадмуудаас дөрвөн алт, нэг мөнгөн медалийг хүртсэн бахдам амжилт хуучраагүй байна. Гэхдээ ард түмнээ баярлуулсан энэ амжилтыг мялаасан засгийн шагнал олон хүний эгдүүцлийг төрүүллээ. Ерөнхий сайд С. Батболд өчигдөр спортын амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал гардуулахдаа алтан медальтнуудын амжилтыг ялгаж орхив. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая олгосон атлаа, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ.

Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг Монгол ёс байдаг. Гэхдээ алтан медалийг үнэлсэн шагналыг харьцуулахад 36:12:0,5 гэсэн гурван тоо гарч байна.

Яг адилхан тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн тамирчдад нэгд нь 36 сая төгрөг өгчихөөд нөгөөд нь түүнээс 72 дахин бага мөнгө амлахдаа юугаар нь ялгасан хэрэг вэ?

Шатрын спорт чөлөөт бөхөөс 72 дахин бага хөдөлмөр шаарддаг, харин буудлага гурав дахин бага хөдөлмөр зарцуулагддаг гэж үзээгүй байгаа даа.

Мөн Ерөнхийлөгч уржигдар өсвөрийн тамирчдыг хүлээн авч уулзан "Алтан гадас" одонгоор энгэрийг нь мялаахдаа мөн л дээрхтэй адил алдаа гаргасан. Тэрээр шагнал гардуулахдаа мөнгөн медаль авсан О.Дөлгөөнийг мартчихсан уу эсвэл мөнгөн медалийг амжилт гэж үзсэнгүй юу, мялаах нь бүү хэл баяр хүргэсэн үг ч амнаасаа унагасангүй.

2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын анхны Олимпийн аварга төрөхөд үндэсний баяр болгон тэмдэглэж, түмэн олон, түшээдтэйгээ төв талбайдаа цуглаж баярлалдсан. Монголынхоо далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсан тамирчид бүгд Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчид болж, хэдэн зуун саяар тоологдох шагналаар медалийг нь мялаасан. Харин Залуучуудын Олимпоос авсан алтан медаль, тэр үеийнхээс юугаараа өөр юм бэ.

Тамирчны медалийн өнгө нэгхэн секундэд хувирч болдог, ганцхан долийн дотор амжилтын үзүүрээс атгаад ч тавьж болдгийг эрхэм түшээд мэддэггүй гэж үү.

Б. Сүндэр

Эх сурвалж: Зууны мэдээ

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар