Нийтлэгдсэн огноо 2010 оны 9 сарын 9, Пүрэв гариг, 13:48 Бичсэн Цэндийн Доржготов Үзсэн: 1433
Үлдээх үг: (Захиас гэнэ үү, гэрээс гэнэ үү ийм юм бичих мөч ирдэг байна. Нэгд, “настнаас үг сонс” гэсэн даруухан мөртлөө үнэ цэнэ нь буурдаггүй монгол сургаалийг дээдэлж амьдарсан хүний хувьд, хоёрт, 70 нас зоогтлоо хорвоог чадан ядан тунгааж, зохиол гэгчийг сараачсан нэгний хувьд хойч хойчийн монголчуудад захьж орхих үгээ тэрлэе гэж зориглов. Надаас юу ч үлдэхгүй. Үүнд харамсах юм өчүүхэн ч алга. Үлдэх юм зөвхөн үг болтой. Тийм учир би үлдээх үгэндээ хэрээрээ хариуцлагатай хандахыг хичээв. Надаас хойш хэн нэгэн уншигчийн чихэнд миний үг сонсдож, оюунаар нь миний үзэл зочилбол зочилог. Хэрэгтэй үг бичжээ гэвэл аваарай, хэрэггүй үг бичжээ гэвэл хаяарай).
Нэг. Тархинд цус мэт харвасан үзэл
...70 жил дарангуйлж байж хүчээр шингээсэн буруу номоос эдүгээ бидний тархинд зөндөөн шавхрага хоцорчээ. Хувьсгалт онолын шаар шавхруу биднээс бүрмөсөн салах бүр янзгүй гээч!
Лав л миний зөнөг толгойд коммунист сортын хогжруу бишгүй. “Хамгийн аймшигтай нүгэл бол буруу үзэл” гэж бурхны номд яагаад онцолсон юм бол? Хортой үзлийн үр хөврөл ирээдүйн монголын нялх онгон тархинд өртөөлөн халдварлаж, үр удмыг минь үеийн үед гэмтээсээр байх нь ээ? Буруу үзлийг бурханчлан шүтэж яваа бузартсан тархиндаа бид өөрсдөө бие дааж засал хийхгүй бол осолтой. Хар элгийн доктор залж, засал хийлгэвэл тэд өөртөө хожоотой үзлийн үр бидний тархинд заавал үлдээнэ. Тэгээд үлдээсэн тэр өчүүхэн үрээрээ биднийг дөрлөн хөтлөх болно. Үлдээсэн үр нь цаашид цэцэглэн ургана. Буруу номтны сурталд автсан тархиндаа бид эхлээд өөрсдөө түүхийн жинхэнэ үнэнийг нуулгүй таниулъя. Мөлжих зорилгоор гуйвуулсан бусармаг түүхийг бид үнэн түүх гэж дээдэлж яваа шүү! Үүнийг захья! Бурууг зөв гээд, зөвийг буруу гээд төөрчихсөн хүн яах ёстойв? Дав даруй толгойнхоо эргээг гарга. Эргүү толгойт ямагт боолчлогдох тавилантай. Колончилох зорилгоор түүхийн үнэнийг мушгиж, өөрийгөө олон жил худал магтсан Улаансэрээ чиний гавалд зэтгэрийн хорт үр суулгаснаас одоо хэр толгойд чинь итгэл үнэмшил болон буглаж буй гэдэгт итгэ! Богд Сүхбаатарт хор өгч алсан. Дэмид жанжин хоёр орны түнжинг хагалах гэж хор ууж үхсэн. Дамбий жа хүний зүрх амьдаар нь сугалж байсан гэх мэт ухуулга бол хорь гучаад оны хоцрогдсон моод. Бүх цэргийн жанжин Дэмидийг хорлож байх зуур Оросын цэрэг техник манай хилийг хоёр газраар нэвтэрчээ. Ингэхийг Дэмид зөвшөөрсөнгүй. Тэгээд “шагнал”-аа хүртсэн нь тэр. Дамбийжанцан хэрэг дээрээ хэн байсныг нэг ч монгол хүн үнэнээр харахыг хүсээгүй байхад зуу шахам жилийн тэртээ Орос пүүсийн төлөөлөгч А. В. Бурдуков “Дамбийжанцан зөвхөн тэмээ дайчлах тухай оросуудын командлах гэсэн санаархлыг эсэргүүцэж байсны улмаас баривчлагдсан болохыг хэн ч (монголд) мэдэхгүй хоцров” гэж бичиж үлдээжээ. Хамгийн гол нь бид тэнэгтээ өөрсдөө сайн дураараа тээсээр яваа орчин үеийн коммунист халдварууд чиний тархинд савны раак шиг үсэрхийлж буй. Социалист онолын умайнаас унасан коммунизм фашизм гэгч хоёр ихэр чарлавагийн коммунизм гэгч нь үүрээ бидний гавалд зассан нь эдүгээ баас хатавч өмхийгөө тавихгүй гэгч болжээ.
Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж цаагуураа харанхуй хоцрогдсон ард түмнийг доромжилсон өнгө аясаар нэр хайралсныг эдүгээ бид мэдрэхгүй тэнэгтсээр явна. Улаанбаатар гэсэн нэрийг сольё гэхэд эдүгээ дэлбэртлээ бухимдах хүн зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд миний хэлэх гээд буй нөгөө үзэл чинь арзганаж байгаа. Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгцэгтэй түүхэн тэр цаг үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг коммунист хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг. Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Их хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон үлдэж, хойшид монголчууд үеийн үед улаантан явах болно гэсэн тангараг болжээ. Зүгээр ч нэг улаантан биш, бүр баатар улаантан шүү. Баатар улаантан юм болохоороо хэлмэгдлийг ёстой үзүүлж өгөв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын нэртэй нийслэл харанхуй Монголд мөнхөрчээ. Энэ доромжиллыг гадаадынхан бол андахгүй. Тэд бидний нүүрэн дээр доторх ёжлолоо нууцлан жуумалзаж буй. Харин бид ухаардаггүй. Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 86 жилийн турш ухаарахгүй тархиндаа дээдлэн залсаар явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь бас яахав. Заавал “улаан” байдаг нь улаантны бидний тархинд шингээх гол хорон санаа нь байв! Улаанбаатар буюу болъщевикбаатар гэдэг нь цаагуураа харанхуй монголыг болъщевик үзэлд элсүүлэн авсан гол санаа. Залуус минь та нар нийслэлээ Болъщевикбаатар хот, Коммунистбаатар хот гэж дуудаад үз! Ямар сонсогдож байна? Нарийндаа Болъщевикбаатар хот гэсэн нэр гэдгийг бүгдээрээ ухаарах сан. Яая даа байз. Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөнхөн их мөрөн мөнхөд ус ундаар тэжээнэ гэсэн билэгдэл буудаг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрэлсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор дутсан биз. Зөвлөлт импер задармагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав.
Красный богатырь гэхээр яруу найрагч В. Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган санваартан язгууртан газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хушуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онуудад тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч гэсэн бас тийм том улаан Баатар зурж байсан. Орос винтовныхоо жаданд олон одой шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хушуу хадсан аварга том улаан Баатар бурханчлан зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ. Уг нь эдүгээ энэ зураг нийслэл Улаанбаатар хотын сүлд байгууштай.
Болъщевик улаан Баатраар нэрлэгдсэн нийслэлийн маань нэр солигдсон тэр л цагт монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэсэн үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.
Хүйтэн ухаанаар зохиосон номлол хорон санааныхаа арвайж сарвайсан урт урт тэмтрүүлийг цаг мөчөөр сунгаж, бидний нялцгай тархи руу улам лав шигтгэсээр ирснийг харамсалтай нь бидний зарим одоо ч ухаарахыг хүсэхгүй явна. Манай нэг эрдэмтэн сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний судалгаагаар Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац ЗХУ-ын хувьд далд олдоц болж хувирдаг” гэжээ. Тэр бээр цааш нь “Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац ЗХУ-ын Үндэсний орлогын тооцоонд тусгагддаггүй юм байна гэдэг нь тогтоогдов. Үүнээс үндэслэж, ЗХУ-д нийгмийн бүтээгдэхүүний үндэсний орлого нь ил блансаар, бас далд блансаар тооцогддог нь бидэнд мэдрэгдэв... Улсын нэгдсэн төсөвт нэмүү бүтээгдэхүүний далд олдоц 1985 онд 114 тэрбум рубльд хүрчээ” гэж ярилцлага өгчээ. Ямрав дээ? Ямар ч гэсэн үүнийг эрдэмтэн мэргэд судлаж, үнэн худлын аль нь болохыг хойч үедээ дэлгэх хэрэгтэй. Их хөршөө худал сэрдэж зэвүүг нь хүргэвэл уршгийг нь бид даахгүйгээс хойш маш буйртай хандахгүй бол горьгүй. Тэгээд ч хөршөө хардана гэдэг жигшүүр. Гэхдээ хайхралгүй орхих нь бас муу үр дагавартай. Үнэн худлыг яс тогтоогоод уг язгууртаа хоёргүй итгэлээр түншлэх нь өнөө цагийн өнгө болжээ. Учир нь ХХI зууны ядуу буурай ямар ч улсын хүн ам хууртагдахааргүй ухаажсан байна. Энэ дэвшлээс бид хоцрох гэж үү?
"Бидний буруугүйг хуулийн байгууллага нотолсон!” гэж манай том луйварчид эдүгээ ард түмэнд бардамнаж байна. Ингэх нь тэдний өмнөө барьдаг дархлагдсан өчиг болжээ. Телевизээр биеэ ингэж “худал цэвэрлэх”-ийг олон нийт сонсож залхлаа. Яагаад “биеэ худал цэвэрлэх” гэв ээ? гэж надаас асуу! Яагаад гэвэл Ленин багш нэг айхтар “онол” гаргасан хүн. Тэр онолоор бол хуулийн байгууллагуудыг дотор нь удирдлагаар нь шургалуусан коммунистуудаар дамжуулан Нам удирдана гэж заасан юм. “Бидний буруугүйг хуулийн байгууллага шалгаад нотолсон” гэдэг өчгийг тайлж цөхөх юмгүй: Цагдаа шүүх прокурорын толгойлогчоор томилогдсон, намаас түдгэлзсэн гэсэн хаягтай, том толгойт түшмэл, Төр Засгийн өндөрлөгт гарсан улаан луйварчин олигархиудаа намын харъяаллаар хамгаалаад ял сонсгохгүй “намын даалгавраа” биелүүлж буйг булзааруулж байгаа нь тэр! Намын даалгавраа биелүүлэхгүй тэрсэлдсэн дарга-цагдаа, дарга-шүүгч, дарга-прокурор гарвал түүнийг намаас хөөж, (уг нь намаас түдгэлзсэн нөхөр) намаас хөөсөн болохоор ажлаас нь халдаг Лениний зохиосон намын дүрэм манайд эдүгээ үйлчилж буй нь тэр! Намаас түдгэлзэнэ гэдэг чононд хоточ нохойн нэр өгсөнтэй ижил.
...1960-аад оны дундуур II улирлаар би шалгалтаа бузгай өгөөд гадаад декан Москвагийн ойролцоохь амралтад амрах ганц эрхийн бичгээ надад шагнал болгон гардуулав. Амралтын газар надад яагаад ч юм ганц хүний жижиг өрөө өглөө. Патрис Лумумбагийн нэрэмжит олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнууд гээд зүсэн бүрийн залуус цугларчээ. Ази Африк Латин америкийн энэ олон оюутан оросуудаар коммунист онол заалгаад нутагтаа очиж, хувьсгал хийх юм гэнэ лээ гэсэн яриа тарсан юм. Тэгээд социалист лагерийн орны тоо хэдэн арваар өсч, дэлхий нилдээ улаан болох тийшээ хандана гэж ярьдаг байлаа.
Тэгтэл надтай нэг орос оюутан залуу дотносоод бүр жигтэйхэн. Энэ олон гадаад оюутан дундаас ганц монгол намайг ингэж онцолж буй нь оросууд монголд арай л дотно юм даа гэж би бодолгүй өөр яахав. Тэр орос найз бүсгүйтэйгээ амарч буй юмсанж. Мань оросыг нэг хартай хоёр хүний өрөөнд хуваарилсан аж. Тэр надаас өрөөгөө сольё гэж гуйлаа. Нэг хүний өрөөнд надад аятайхан байсан нь мэдээж. Жаахан тунив. Гэвч орос ах юм чинь яалтай билээ? Би түүний өрөөний хараас “яахав” гэж асуулаа. Хар залуу шууд дургүйцсэнгүй. Гэхдээ дуугарсангүй. Харыг дуугарахгүй болохоор би ч тээнэгэлзэв. Тэгтэл нөгөө орос хэргээ бүтээх гэж шургуутаж, намайг нөгөө негрт магтаж гарлаа. Орос монгол ган бат найрамдалтай л гэнэ. Монгол феодализмээс капитализмыг алгасан хөгжиж байгаа дэлхийн ганц орон л гэнэ. Нөгөө харыг чи энэ монголоор хувьсгал яаж хийж, капитализмыг хэрхэн харайхыг заалгаж авах болно л гэнэ. Зүйл зүйлээр л магтлаа.
Харыг зөвшөөрвөл би орос ахдаа нэг хүний өрөөгөө суллаж, найз бүсгүйтэй нь жаргуулдаг ч юм билүү дээ гэж уярав. Миний уярлыг мэдэрсэн орос хүч нэмэхээр “Монгол капитализмыг байтугай социализмыг харайж коммунизмд орох улс” гэж хэлтэл нөгөө хар учиргүй уурлаж, “Та нар яахаараа энэ муусайн монголчуудыг ингэж доромжилж байдаг юм бэ? Та нар биднийг бас энэ монгол шиг дарлах санаатай юу? Горьдсоны гарз мэдэв үү?” гэж хашгираад, намайг “Та нар энэ муусайн оросуудад яах гэж ингэж чадуулж байдаг улс вэ? Наад оросуудад чинь чадах юм юу ч байхгүй, та нараас долоон дор улс гэж ойлго. Мэдэв үү? Монгол залуу минь, чи наад оросынхоо нүүр лүү нулимаад салаавч үзүүл” гэлээ.
Би орос ахаасаа үхэтлээ айсны дээр нөгөө муу харын өмнө юу ч хэлж чадахгүй болсон орос ахаа хараад маш их өрөвдөж билээ. Тэр муу хар нутагтаа очоод орос багш нарын зааснаар хувьсгал хийх нь юу л бол гэж эргэлзэв. Онгироо харын царайд ЗХУ-д сурч байна гэж бидэн шиг хүндэлсэн шинж огт алга. Орос залуу бүсгүй хоёрт нэг өрөөнд хоёулхнаа орох хүсэл ч мөн их байсан даа. Тийм хүсэл байлгүй ч яахав. Орос маань сүүлдээ над руу найз охиноо явуулжээ. Бүсгүй надаас хар арьстан залууг ятгаад өрөөнд нь орчих гэж гуйлаа. Би нөгөө негрийг ятгаад өрөөнд нь оръё гэвэл нөгөөх чинь хурц том алаг нүдэндээ хилэн үсчүүлээд “Үхээнц та нар оросуудад доромжлуулж байхдаа таарсан новшнууд” гэж загнаад өрөөнөөсөө намайг чирч гаргадаг байгаа.
Сүүлдээ орос ах надад гомдоод “Чи ерөөсөө тэр муу негрийн талд ороод зөвлөлтийн иргэнийг бодсонгүй” гээд намайг хананд шахаад элэгдэж байтал нөгөө негр мэдээд найз хартайгаа элбээд орос ахыг минь шалбартал нүдэж орхив. Орос ах маань муугаар нь намайг зодох гэж ээрүүлдээд салдаггүй. Би хэд хоног хар арьстан залууг гарсан ч орсон ч дагасаар яваад арай гэж нэг юм шагналын амралтаа мэнд барж билээ.
Одоо би хэлэх гэсэн зүйлдээ оръё: өнгөрсөн жил Монгол улс цөмийн энергийн тухай хуультай болсон. Уг хуульд “хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг Төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэж цодхийтэл заав. Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурсес инк” 58 хувийг, Оросын “Атомредметзолото” 21 хувийг эзэмшдэг аж. Ердөө 21 хувийг эзэмшиж буй Монголын засгийн газрын хувийг хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд Канад Орос хоёроос манайх 30 хувийг татах хууль гаргажээ. Манай хуулийн дагуу Канадын компани өөрийн 58-аасаа зохих хувийг Монголд өгөхөөр ярилцаж эхэлтэл Орос 21 хувиасаа манайд зохих хувийг Канадын адил өгч тэвчихгүй “Төв азийн уран” компаниас Канадын компанийг Монголын засгийн газраар жийлгэх хор найруулжээ. Ах нар “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэсэн худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам доллараар авах санал дэвшүүлэв. Орос ийм замаар Мардайн ураны ордуудад гуравдагч оролцогчгүй, зөвхөн маанаг дүү Монголтойгоо хоёулхнаа хамтрахыг эрмэлзэв. Элэг барьж байхад амар гэсэн хэрэг. Яг энэ үед хятадын компани канадын хувьцаа тутамд 0,96 ам доллар санал болгожээ. Мардай дахь Канадын оролцоог түлхэж чадахгүй болмогц оросууд манайд 50:50 хувийн акц эзэмших нөхцөлийг тулгав. Манайх хуулиндаа 51 хувийг төр эзэмшинэ гээд заачихсан тул яалт ч үгүй боллоо. Тэгмэгц ах нар их өр гэгч шигээ хайгуул хийсэн 600 сая ам доллар өгөөдөх гэж ядмаг аймхай дүүгээ сүрдүүлэв. Гэтэл ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд Мардайн ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн зардлын тайлан гараад иржээ. Ах нар 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн уран олборлосон байдаг бөгөөд тонн тутамд 5 рублийн төлбөр төлжээ. Олборлосон хүдрээсээ 580 орчим тонн уран буюу 1500 орчим фунт ураны исэл гаргаж авсан нь одоогийн ханшаар 60 орчим сая ам доллар ажээ. Оросууд манай ураны нөөцийг 2073000 тонн гэж тогтоосон. Гэтэл Канадын хайгуулчид 2806175 тонны нөөц тогтоов.
Канадууд манай улсад нийт 350 сая ам долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал тавьсан бол ах нар ердөө 50 сая ам долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны үйлдвэрт тээвэрлэж боловсруулах хувилбарыг санал болгосон байна. Атомын эрчим хүч ашиглах аюул багатай шинэ технологи нээгдээд буй энэ цаг үед бид эх орондоо үйлдвэртэй болж үлдэх нь амин чухал зорилтуудын нэг билээ. Үүнээс харахад төр засаг маань бас чиг гэж бие даасан бодлоготой болж буй юм шиг. Ах нар маань “Бидний найрамдал мөнгөө төгрөгнөөс үнэтэй. Орос Монголд тусалсаар ирсэн цаашид ч тусална” гэж бидэнд хайр зарлаад жигтэйхэн. Монголд тааруулдаг оросын ухуулга яг л хуучнаараа байгаа нь эдүгээ инээд хүргэх болжээ. Миний өөрөөг авах гэж орос оюутан намайг яаж магтлаа, яг тэр.
...Урьд баярын хурал байн байн болно. Хөгжим, марш, алга ташилт. Оргил нь Брежнев даргын айчлал өндөрлөхөд болсон баярын хурал байх. АИХ-ын танхимд Брежнев Цэдэнбал хоёр атгалцсан гараа өндөрт өргөж, “найрамдал-дружба” гэж хашгирахад тэнд шалгарч уригдсан яруу алдарт үлгэр жишээ гавшгайчид нэгэн дуугаар “найрамдал-дружба, найрамдал-дружба” гэж түрэн цовхчиж, ухамсраа коммунистоор харуулсан билээ. Энэ солиорол Монголд бүр гаарч аймаг сумын дарга нар хурал дуусмагц дэргэдээ залсан зөвлөлтийн мэргэжилтэн гэгч барилгачин, тракторч, комбайнч, токарч, слесарь хэн ч бай гараас нь шүүрч аваад босон харайж, яг Брежнев Цэдэнбал хоёрын маягаар “найрамдал-дружба” гэж уриалдаг бөгөөд хуралд суусан ажилчин малчид “найрамдал-дружба” гэж түрдэг хэнээтэй болов. Энэ тэнэглэлээ коммунизмд орчихлоо гэж үзнэ. Хэнээрхэл цааш хөгжөөд “найрамдал-дружба, дружба-найрамдал” гэж солбиулан хоёр улсыг адил тэгш хэмээн тэнцүүлсэн нь улс төрийн ардчилсан тэргүүн туршлагаар дэлгэрлээ. Зөвлөлт зочинтой хурал ингэж өндөрлөх нь “ах дүү хоёр орны ган бат найрамдалд ард түмнээ бүрэн итгүүлж чадсан үзүүлэлт болов” гэж манай удирдагч нар биеэ магтав.
Үргэлжлэл бий...
Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготов
http://tsendiindorjgotov.blogspot.com/