Orloo.com

Бүрэн хувилбар луу шилжих Бүртгүүлэх Нэвтрэх

Ж.Бямбаа: Стратегийн гэх нэр томъёо цагаа олоогүй

byambaaМУИС-ийн багш, геологийн шинжлэх ухааны доктор Ж.Бямбаатай “Оюутолгой”-г тойрсон асуудлаар ярилцсан юм.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглээд хэдэн сар болж байна. Гэтэл элдэв хэл ам тасрахгүй хэвээр байна. Та энэхүү гэрээг анх хэлэлцэж эхлэхэд нь эсэргүүцэж байсан шүү дээ. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Оюутолгойн гэрээнд би сэтгэл дундуур байдаг. Учир нь Оюутолгойн орд газраас олох ашгийн ихэнхийг гадаадын ком­пани авахаар гэрээнд тусгагдсан. Монголын ард түмэн өөрт ногдох 34 хувиа урт хугацааны хүүтэй зээлээр авч, эргүүлэн төлнө гэж байгаа. Энэ бол хаана ч байж болохгүй тийм асуудал. Гэрээг үзэглэсэн хүмүүс авлига авсан гэж би хардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газрын гишүүд авлига авч байж, гадаадын талд ашигтай энэхүү гэрээг баталсан. Хоёрт, тэдгээр хүмүүс эдийн засгийн болоод эрдэс баялгийн мэдлэггүйн гайгаас болж гадныханд хөтлөгдөж байгаа нь энэ. Ийм хүмүүс л эх орныхоо эсрэг гэрээ байгуулна шүү дээ.

-Хоёр тал үзэглэсэн тэр­­хүү гэрээний хувилбарыг та харсан уу?

 

-Эхний хувилбарыг харсан. Харин сүүлд батлагдсан гэрээг харуулаагүй шүү дээ.

-Оюутолгойн гэрээ хэдэн парламент дамнан яригдсан шүү дээ. Анх оруулж ирж байсан гэрээг энэ удаагийн парламент шинэчлэн, харин ч эх орныхоо эрх ашигт нийцүүлсэн гэдэг. Энэ хэр үндэслэлтэй юм бол?

-Түүнийг нь бид үзээгүй. Тэгвэл яаж шинэчилж, хэрхэн ашигтайгаар эргүүлснээ Монголын ард түмэнд дэлгэж харуул л даа. Үнэндээ энэ парламент 1.5 сая төгрөгийн барьцаанд орсон байсан. Сонгуулийн амлалтаа ард түмэнд хэзээ ч өгч чадахгүй болохоор ийм алхам хийсэн юм.

-Гэрээнд тусгагдсан боловсон хүчний асуудал сүүлийн үед нэлээд хэл ам татлах болж. Энэ асуудалд хаана, хаана л буруутах байх. Оюутолгойн асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн шүү дээ. Гэтэл Монгол Улс энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэх дээр хайнга хандсан. Энэ нь ч нөгөө талд ашигтайгаар эргэсэн байх?

-Гэрээнд Оюутолгойд Монголын тал ямар байдлаар оролцох талаар тусгагдсан байх ёстой. Нэгэнт л гэрээ байгуулсан юм чинь түүнийгээ л мөрдөх хэрэгтэй. Монголын тал ч гэрээг биелүүлэхэд хөөцөлдөх л ёстой. Манайханд дутагдал бий нь үнэн. Бидний үед бүх мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэг байлаа. Усан үзэмний мэргэжилтэн хүртэл байсан. Бид тэр үеийн шавхруунууд л даа. Харин түүнээс хойш манайд мэргэжилтэн гэх зүйл утгаа алдаж. Тиймдээ ч Монголын талд ашиггүй гэж хэлж болохуйц энэ гэрээг баталсан биз. Улс төрд зөвхөн улс төрийн л томилгоо явагдахаас бус мэргэжлийн хүмүүс томилогдохоо больсон. Тиймээс Оюутолгойд боловсон хүчний маргаан дэгдэж байгаа юм. Өнөөдөр мал маллаад явж байгаа хүнийг Оюутолгойд авчираад шууд ажиллуулж болохгүй биз дээ. Өнөөх техник, тоног төхөөрөмж дээр нь ажиллаж байсан хүмүүс хэрэгтэй. Иймээс Монголын Засгийн газар унтаад байх хэрэг байхгүй ээ. Нэгэнт л гэрээг үзэглэж, хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудаж байгаа бол дараагийн алхмаа ч гэсэн тооцоолсон байх учиртай. Гэтэл амирлангуй царайлаад гэрээ байгуулсан болж худлаа шоудаад, хийх ёстой ажлаа хийхгүй яваад байх хэрэггүй л дээ.

-Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэхдээ 34 хувь бус Монголын талд 51 хувь байхаар тусгах боломж байсан. Гагцхүү үүнийг эрх баригчид хүсээгүй гэх яриа бий. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ үнэн байж магадгүй. Өөрсдөд нь ногдох хувь багасчих гээд байхаар нь эрх баригчид хүсээгүй байх л даа.

-Уул уурхай 4-5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой байдаг талаар бусад улс орны жишигт тусгагдсан байдаг. Харин манай улсад тэр дундаа Оюутолгойд ийм боломж бий юу. Уул уурхайн “гал тогоо”-г гарын арван хуруу шигээ мэддэг мэргэжлийн хүний хувьд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Бусад оронд тийм боломж бий. Манай улсад ч боломжтой талаар Монголын мэргэжилтнүүд тооцоо, судалгаа гаргасан байдаг. Оюутолгой дээр нэгдүгээрт хүчин чадал чухал. Хаанаас нь эхэлж ашиглах вэ,  хичнээн жил ашиглах талаар манай мэргэжлийн хүмүүс гаргасан. Харамсалтай нь Засгийн газар мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсоогүй. Монголын элэг нэгт ахан дүүсээ сонсолгүй, харийн хүний үгэнд хөтлөг­дөж, тэдний санаа, зорилгыг хэрэгжүүлсэн нь харамсалтай. Энэ бол Монголын төрд анх удаа гарч байгаа үзэгдэл гэж бодож байна.

Одоогийн батлагдсан гэрээний хувилбараар 2020 он гэхэд жаахан юм гялтайж магадгүй. Учир нь үйлдвэр барьж, ашиглалтад оруулаад ажиллаж эхэллээ гэж бодоход дор хаяж 10 жил шаардлагатай. Ингээд бодохоор яах аргагүй 2018-2020 он болчихно.

-Мэргэжилтнүүдийг үгийг харин ч сайн сонссон гэдэг биш үү. Ажлын хэсэгт хүртэл эрдэмтдийн төлөөллийг оруулсан биз дээ?

-Тэр бол хошгируулна гэдэг болж байхгүй юу. Ажлын хэсэгт эрдэмтдийг оруулж байгаа нэрийдлээр үг ч хэлүүлдэггүй, үг хэллээ гээд өнөөх гэрээндээ тусгадаг ч үгүй байсан. Харин ард түмэнд эрдэмтдийн төлөөллийг оруулж, тэднийг үгийг их сонсож байгаа гэж тайлбарлана гээч. Тэр бол худлаа.

-Гэрээний хувилбарыг эрдэмтдэд танилцуулж, зөвлөгөө авч байгаагүй гэж үү?

-Нэг удаа танилцуулсан. Бид үүнийг ингэж өөрчилье, тэрийг нь тэгчих гэж хэлэхээр сонсож байгаа юм шиг мөртлөө огт тусгаагүй байдаг.

-Монгол Улс Оюутолгой­гоос хэзээ ашгаа авч эхлэх юм бэ?

-Шуудхан хэлэхэд, гэрээ мөд биелэхгүй, мөрөөдөл. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэнд төсвөөр дамжин орж ирэх ашгийн тухай асуудалд хугацаа хэрэгтэй. Тэгээд ч ашиг гараагүй байхад бид ямар юмных нь татвар авах юм. Оюутолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж улс орноо хөгжүүлнэ гэх. Үнэндээ Монголын тал эндээ юм олж долооно гэдэг ээдээ хэцүү дээ, хэцүү.  Гадны компани авдгаа аваад нутаг буцах биз.

-Гэхдээ гэрээний урьд­чилгаа гэгдэж байсан 250 сая ам.доллар урт хугацааны зээл болж хувирсан нь үүнтэй холбоотой болов уу?

-Тэр бол өнгөн хэлбэрийн шоу байсан. Монгол Улс 34 хувиа худалдаж авах хэмжээнд хийгдсэн муу гэрээний үр дүн тэр л дээ. “Айвенхоу майнз” манай улсад хөрөнгө оруулах биш, харин ч гаргаж байгааг олон түмэнд дуулгах байна. Мөн гэрээний урьдчилгаа ч гэж дээ. Үнэн хэрэгтээ урьдчилгаа төлбөр, өр гэдэг бол тэс өөр ойлголт.

-Хугацааны хувьд ч гэсэн хууль зөрчсөн гэх асуудал хөндөгддөг. Хэтэрхий урт хугацаа гэрээ болсон гэж хүмүүс хэлэлцдэг. Хуульд зааснаар 30 жилээр баталсан. Харин гэрээг цааш сунгах талаар хууль тусгагдаагүй атал хоёр тал 20, 20 жилээр сунгах боломжтой гэх?

-Үнэн, 30 жилээр батлагдаж, 40 жилээр сунгагдах магадлалтай гэхээр 70 жил болно оо доо. Ийм гэрээ гэж хаана ч байхгүй ээ. Байх ч ёсгүй. Гадны компани ашгаа нөхөх эхний хугацаагаар байгуулаад, цааш нь тэдний үйл ажиллагаанаас хамаараад манай оронд ард иргэдэд хэчнээн хувийн ашиг орлого ногдож байгаагаас хамаараад тэр хугацаа өөрчлөгдөж байх ёстой. Манайхан харанхуй, бүдүүлэг юм л хийгээд байх юм. Энэ бол манай Засгийн газрынхны алдаа л даа. Үүнийгээ ч зөв гэж сурталчлах болж. Өөрөөр хэлбэл, юу ч мэдэхгүй байгаа ард түмний тархийг угаах болсон нь харамсмаар л үйлдэл. Манай сайд, дарга нь “Айванхоу майнз” хэмээх компанийн байр суурийг зөвтгөсөн, тэдний үзэл суртлыг сурталчилсан байдлыг л илэрхийлж, ярилцлага өгдөг.

-Оюутолгойн өнөөгийн тогтоогдоод буй нөөц дундаж хувилбар. Үүнээс ч илүү нөөц газрын хөрсөнд бий гэгддэг байх аа?

-Орд газрыг тодорхой хэмжээнд баталдаг. Түүнээс 100 жил ашиглах нөөц байхад тэр бүхнийг ил болгодоггүй. 10-30 жилээр хөрөнгө мөнгөө хуримтлуулах зарчмаар хайгуулаа үргэлжүүлдэг. Манай улсын орд газрууд дутуу судлагдсан. Цаана нь том хэмжээний орд гэж нэрлэж болохуйц их хэмжээний нөөц бий.

-Оюутолгой монголчуу­дыг хэдэн жил тэжээх бол. Таны тооцоогоор?

-Миний тооцоогоор 250 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 10 тэрбум хоньтой тэнцэх баялаг бий гэж бодож байна. Мөн Оюутолгойн таваарын бүтээгдэхүүний нэг жилд импортлох буюу 800-гаад тн зэсийг дэлхийн зах зээл дэх хамгийн бага үнээр бодоход хэд байх вэ. Ингээд бодохоор агуу баялагтай байгаа биз. Энэ их юмнаас монголчуудад хэд ногдох вэ гэхээр эхний жилүүдэд юу ч байхгүй. Мөн дараагийн таван жилд ч гэсэн ийм л жишгээр байх жишээтэй.

-Стратегийн 15 орд газрыг ээлж дараатайгаар эргэлтэд оруулахаа Засгийн газар, энэ удаагийн парламент мэдэгдээд буй. Магадгүй Оюутолгойн замналаар замначих вий гэх үгийг эрдэмтэд унагаж байсан. Одоогийн байдлаар Тавантолгойн асуудал шийдэгдлээ шүү дээ?

-Оюутолгойн замналаар замначих вий гэсэн хардлага бий. Хэрэв бид орд газрынхаа 51 хувийг эзэмшиж чадахгүй юм бол стратегийн орд газар гэж байх хэрэг алга. Стратегийн орд гэхээр л энэ их баялаг байна гээд гишүүд, сайд нар нэг, нэгээр нь өмчлөөд авчихаж байна. Өөрсдийнхөө өмчид авч, ашгийн хойноос хөөцөлдөж байна шүү дээ. Иймээс стратегийн гэх нэр томъёо цагаа олоогүй, буруу зүйл юм байна. Энгийн ордууд гэж нэрлээд олборлоод, ашгаа хүртээд явах хэрэгтэй. Эрдэнэт ч стратегийн орд биш. Ер нь ийм л байсан дээр байж.

-Гэхдээ?

-Уг нь стратегийн орд гэж байх ёстой. Ингэхдээ 51 хувиас дээш Монголын тал эзэмшиж, ашиглах ёстой. Нэгэнт ийм байхгүй л юм бол стратегийн орд гэж байх хэрэггүй.

-Тавантолгойн гэрээ батлагдлаа. Төр 100 хувь мэдэлдээ авахаар болсон шүү дээ. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Тавантолгой дээр төрийн өмчид компани байгуулна. Тэр компани үйл ажиллагааныхаа зардлыг хасаад үлдэх зардлаасаа улсад ашиг төлнө. Ашиг төлөөд үлдсэн хөрөнгөнөөсөө ард түмэнд хувиарлах ёстой. Ингэхээр 10 биш 30-40 хувь бий болох боломжтой. Тиймдээ ч нарийн тооцоо , судалгаа хийх ёстой. Гэтэл цээжний бангаар төр хуваарилж болохгүй. Тэгж явсаар хамгийн бага хувийг иргэд хүртэх болж байгаа юм. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэгчээр гэрээ байгуулаагүй байж хуваарилах нь зохимжгүй.

-Монголд нөхөн сэргээлт гэж том асуудал бий. Оюутолгойн хувьд ч энэ асуудал хөндөгдөж буй?

-Энэ  бол   төрийн  бодлого­той холбоотой. Нөхөн сэргээл­тийг 100 хувь хийлгэж байж, өнөөх компанийг хооронд нь зарж, борлуулах, шилжүүлэх ажлыг хийлгэдэг байх хэрэгтэй. Тэд яалт ч үгүй кадастрын албаар дамжиж байж, компаниа зарж, борлуулж байгаа шүү дээ. Иймээс кадастрын алба нөхөн сэргээлтийг хянах бүрэн боломжтой. Үгүй ядаж, улсын төсөвт оруулах ёстой мөнгөө оруулж уу, үгүй юу гэдгийг нягтлах боломж бий. Тэгэхгүй хоёр хүн малаа наймаалцаж байгаа юм шиг зарж, борлуулж болохгүй л дээ. Дураараа дургиж болохгүй ээ.

Оюутолгойн экологийн үнэлгээ муу хийгдсэн. Мэргэжлийн хүмүүс хийсэн байх л даа. Гэхдээ Оюутолгойн орд “Айвенхоу майнз” ашгаа аваад явсны дараа хоёр км орчим том нүх үлдэнэ. Өөрөөр хэлбэл, цөмөрсөн том ангал үлдэнэ. Хашаа тойруулаад барьчихна гэх. Хашаа хэдэн жилийн настай билээ. Тэр нүх мөнхөд оршино. Ингээд бодохоор асуудал бий. Мөн ордыг гүйцэд ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, гадны компани өрмийг нь аваад хусмыг нь хаяж байгаа юм. Тэд Монголын талд хүн биш хэдэн тэмээ л бий гэж аашилж байгаа байхгүй юу.

 

Л.НИНЖСЭМЖИД

Мэдээллийн спонсор: Нийгмийн толь

External links are provided for reference purposes. The World News II is not responsible for the content of external Internet sites. Template Design © Joomla Templates | GavickPro. All rights reserved.

Дээшээ Бүтэн хувилбар